Kia цахилгаанжсан автомашины борлуулалтаараа түүхэн амжилт тогтоов: 10 машин тутмын 6 нь цахилгаан ба hybrid боллоо
Өмнөд Солонгосын Kia брэнд дотоодын зах зээлдээ нэг жилийн хугацаанд 300,000 гаруй цахилгаанжсан тэрэг борлуулсан анхны үйлдвэрлэгч боллоо. Нийт борлуулалтынх нь 60 орчим хувийг цэвэр EV болон hybrid загварууд эзэлж, шинэ EV3 загвар зах зээлд хүч түрэн орж иржээ.
Дэлхийн авто зах зээлд цахилгаанжуулалтын шилжилт эрчимтэй явагдаж буй энэ үед Өмнөд Солонгосын тэргүүлэгч автомашин үйлдвэрлэгч Kia түүхэн шинэ дээд амжилт тогтоосноо албан ёсоор зарлалаа. Тус брэндийн мэдээлснээр, оны эхнээс 11 дүгээр сарын 9-ний байдлаар дотоодын зах зээлд нийт 300,048 ширхэг цахилгаанжсан (цэвэр цахилгаан болон hybrid) автомашин борлуулсан байна.
Энэ нь өмнөх оны мөн үеэс даруй 41.9 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд Өмнөд Солонгосын авто салбарын түүхэнд гадаад, дотоодын ямар ч брэнд нэг жилийн дотор 300,000 цахилгаанжсан хүлэг борлуулж байсан тохиолдол үгүй юм. Тайлант хугацаанд Kia брэндийн дотоодод борлуулсан нийт 502,286 автомашины 59.7 хувийг буюу 10 машин тутмын зургааг нь ногоон хөдөлгүүртэй загварууд эзэлжээ.
Цэвэр цахилгаан (BEV) загваруудын борлуулалт 2 дахин өсөв
Kia-гийн энэхүү түүхэн өсөлтийн гол цөм нь цэвэр цахилгаан автомашинууд (BEV) байлаа. Тус брэндийн цэвэр цахилгаан машины борлуулалт өмнөх оноос 2 дахин нэмэгдэж, 120,360 нэгжид хүрснээр жилийн 100,000-ын босгыг анх удаа давсан байна.
Цэвэр цахилгаан загваруудыг дараах загварууд тэргүүлжээ:
- Kia EV3 — 30,455 ширхэг борлуулалтаар брэндийнхээ хамгийн эрэлттэй EV болов. Авсаархан, өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой тус загвар дэлхий даяар ч жилийн 100,000 нэгжийн борлуулалтад хүрэх дөхөөд байна.
- Kia EV5 — 28,971 ширхэг борлуулагджээ.
- Kia PV5 — Шинээр танилцуулагдсан цахилгаан зориулалтын (commercial/PBV) загвар 24,266 ширхэг борлуулагдсан байна.
Ийнхүү EV3 зэрэг боломжийн үнэтэй, орчин үеийн зай хураагуурын багтаамжтай компакт загварууд зах зээлд орж ирсэн нь дундаж худалдан авагчдыг цэвэр цахилгаан машин руу шилжихэд шийдвэрлэх нөлөө үзүүлжээ.
Hybrid загварууд өсөлтийг тогтвортой барьж байна
Цэвэр цахилгаан машины огцом өсөлтөөс гадна hybrid хөдөлгүүртэй загваруудын эрэлт тун өндөр хэвээр байна. Тайлант хугацаанд Kia-гийн hybrid борлуулалт 16.9 хувиар нэмэгдэж 179,688 ширхэгт хүрсэн байна.
Hybrid хувилбаруудын 75 орчим хувийг (нийт 135,496 ширхэг) гурван гол загвар бүрдүүлжээ:
- Sorento Hybrid — 70,176 ширхэг борлуулагдаж, hybrid төрөлдөө үнэмлэхүй тэргүүлэгч хэвээр байна.
- Carnival Hybrid болон Sportage Hybrid — Гэр бүл болон холын замд зориулсан загварууд борлуулалтаараа удаалжээ.
Kia-гийн цахилгаанжсан хүлгийн борлуулалтын түүхийг сөхвөл, 2021 онд анх 109,741 нэгж байсан бол 2024 онд 222,085 болж, харин энэ онд ийнхүү 300,000-ын давааг хялбархан давлаа. Энэ нь хэрэглэгчид уламжлалт дотоод шаталтат хөдөлгүүртэй (ICE) автомашинаас бүрэн татгалзаж, цахилгаан болон хосолмол шийдлийг бодит сонголтоо болгож буйг харуулж байна.
Монголын зах зээлд ямар нөлөөтэй вэ?
Монгол улсын хувьд Өмнөд Солонгосын авто зах зээл маш ойр, шууд хамааралтай билээ. Манай гудамж замаар зорчиж буй автомашинуудын дийлэнх нь Солонгосоос импортлогддог. Өнөөдөр манайд Sorento, Santa Fe, Sportage зэрэг hybrid загварууд хэдийнэ өргөн хэрэглээ болсон бол удахгүй Солонгосын зах зээлийг байлдан дагуулж буй Kia EV3, EV5 зэрэг цэвэр цахилгаан кроссоверууд Монголын хоёрдогч болон импортын зах зээлд олноор орж ирэх нь цаг хугацааны асуудал болоод байна.
Эдгээр загварууд нэг цэнэглэлтээр хол туулах чадвар, батерейн найдвартай ажиллагаа болон үнийн хувьд өрсөлдөх чадвараараа манай хотын түгжрэл, өвлийн нөхцөлд сонирхол татахуйц сонголт болно. Иймээс цахилгаан автомашины дэд бүтэц, тэр дундаа DC хурдан цэнэглэгчийн сүлжээг хот дотор төдийгүй орон нутгийн зам дагуу өргөтгөх шаардлага улам бүр тулгамдаж байна.
Эх сурвалж: The Korea Herald, Yonhap News Agency