Цахилгаан машины шатах эрсдэлийг тэглэх шийдэл: Hyundai болон Samsung SDI батарейн шинэ загвараа патентжууллаа
Hyundai, Kia болон Samsung SDI нар цахилгаан машины батарей хэт халсан үед хийг доош чиглүүлэн гадагшлуулах, эрчим хүчний нягтралыг нэмэгдүүлсэн хамтарсан патентаа албан ёсоор зарлалаа.
БНСУ-ын автомашин үйлдвэрлэлийн тэргүүлэгч Hyundai Motor Group (Hyundai, Kia) болон батарей үйлдвэрлэгч Samsung SDI нар цахилгаан автомашины аюулгүй байдал, батарейн багтаамжийг эрс сайжруулах цоо шинэ бүтцийн хамтарсан патентаа албан ёсоор танилцууллаа. Энэ нь хоёр акул зөвхөн нийлүүлэгч, худалдан авагчийн харилцаанаас хальж, батарейн архитектурыг анх удаа бүрэн хамтран бүтээж эхэлснийг харуулж байна.
Солонгосын Оюуны өмчийн мэдээллийн албанаас (KIPRIS) нийтэлсэн тус патент нь голчлон цахилгаан машины батарейн гэнэтийн хэт халалт (thermal runaway)-аас сэргийлэх болон нэг ижил зай талбайд илүү их эрчим хүч хуримтлуулахад чиглэжээ.
Хийг доош чиглүүлэн гадагшлуулах технологи (Downward Venting)
Цахилгаан машин дахь хамгийн эмзэг асуудлуудын нэг бол батарейн нэг үүр гэмтэж хэт халахад үүсэх өндөр температуртай шатамхай хий зэргэлдээ үүрүүд болон машины бүхээг рүү халах эрсдэл юм.
Шинэ патентын дагуу үүр (cell) бүрийн доод хэсэгт тусгай хий гаргах суваг байрлуулсан байна. Хэрэв үүрэнд дулааны хэт ачаалал үүсвэл шатамхай, халуун хий дээшээ биш, харин батарейн багцын доод суурь хамгаалалтад суурилуулсан сувгаар дамжин шууд доошоо — замын гадаргуу руу аюулгүй гадагшилна. Түүнчлэн зэргэлдээх үүрүүдэд халуун дамжихаас сэргийлсэн тусгай халуунд тэсвэртэй хамгаалалтын хаалт, шингэн хөргөлтийн хавтанг давхар шийдэж өгчээ.
Орон зайн ухаалаг нэгдэл: Илүү их багтаамж, урт туулах зам
Энэхүү шинэ патентын хоёр дахь том ололт нь орон зайн ашиглалт юм. Өмнө нь хий гадагшлуулах суваг болон замын доод цохилтоос хамгаалах хамгаалалтын зай тусдаа байрладаг байв.
Харин инженерүүд эдгээр хоёр тасалгааг нэг дор нэгтгэн, хий гадагшлуулах хоолойг давхар цохилт шингээх деформацын бүс болгон зохион бүтээжээ. Үүний үр дүнд:
- Батарейн багцын илүүц орон зай эрс багасна.
- Ижил хэмжээтэй батарейн хайрцагт илүү олон призматик (prismatic) үүр багтаж, эрчим хүчний нягтрал (volumetric energy density) өснө.
- Энэ нь нэг цэнэглэлтээр туулах зай (range)-г шууд нэмэгдүүлэх боломжийг олгож байгаа юм.
Бүрэн хуурай (All-Solid-State) батарейн суурь судалгаа
Тайланд дурдсанаар, Hyundai болон Samsung SDI нь 2022-2025 оны хооронд бүрэн хуурай төлөвт (all-solid-state) батарейтай холбоотой нийт 9 хамтарсан патентыг бүртгүүлжээ. Тэд чийгэнд мэдрэмтгий сульфид электролитыг бүрэх технологиос эхлээд батарейн ажиллах хугацаа (cycle life) болон цуврал масс үйлдвэрлэлийн процессыг боловсронгуй болгох шат руу шилжсэн байна. Samsung SDI нь 2027 он гэхэд хуурай батарейн масс үйлдвэрлэлийг эхлүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Монголын хэрэглэгчдэд ямар ач холбогдолтой вэ?
Монгол улсад Hyundai Ioniq, Kia EV6 зэрэг суудлын загваруудаас гадна нийтийн хэрэгцээ, тээвэрт өргөн нэвтэрсэн Porter II Electric, Bongo EV загварууд ихээр ашиглагдаж байна.
Манай орны өвлийн эрс тэс уур амьсгалд батарейн дулаан зохицуулалт болон багтаамжийн үр ашиг хамгийн чухалд тооцогддог. Ижил орон зайд илүү өндөр kWh багтаамж суурилуулах боломжтой энэ шинэ бүтэц бодит автомашинуудад нэвтэрснээр, хүйтний улиралд цахилгаан машины туулах зам буурах асуудлыг бодитоор шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлэх юм. Мөн аюулгүй байдлын шинэ түвшин нь хэрэглэгчдийн дундах галын эрсдэлийн айдас, эргэлзээг арилгахад чухал түлхэц болно.
Эх сурвалж: The Korea Herald, Aju Press, CarBike Insight