Гэрийн нөхцөлд зориулсан 25 кВт-ын DC хурдан цэнэглэгч гарлаа: Автомашинаараа гэрээ тэжээх шинэ боломж
Lunar Energy компани ахуйн хэрэглээнд зориулсан 25 кВт чадалтай DC хурдан цэнэглэгчээ танилцууллаа. Энэхүү систем нь машиныг цагт 160 км-ийн зайн цэнэгээр хангахын зэрэгцээ тог тасарсан үед гэр ахуйг цахилгаанаар тэтгэх V2H боломжтой.
Цахилгаан машин (EV) эзэмшигчдийн хувьд хамгийн түгээмэл бөгөөд тав тухтай цэнэглэлтийн хэлбэр бол гэртээ цэнэглэх байдаг. Гэвч өнөөг хүртэл ахуйн цэнэглэгчдийн дийлэнх нь AC (хувьсах гүйдлийн) 7–11 кВт чадлаар хязгаарлагдаж, батерейг дүүргэхэд багагүй хугацаа шаардагддаг байв. Харин эрчим хүчний технологийн Lunar Energy компани гэрийн зориулалттай 25 кВт чадалтай DC (тогтмол гүйдлийн) хурдан цэнэглэгчээ албан ёсоор танилцуулж, ахуйн дэд бүтцэд шинэ стандартыг эхлүүллээ.
Гэрийн цэнэглэгч яагаад DC болж шинэчлэгдэв?
Энгийн AC цэнэглэгч нь машинд хувьсах гүйдэл дамжуулж, автомашины дотор байрлах хөрвүүлэгч (on-board charger) уг гүйдлийг тогтмол гүйдэл болгон хувиргаж батерейг цэнэглэдэг. Автомашины уг хөрвүүлэгчийн хүчин чадал ихэвчлэн 7 кВт-аас 11 кВт байдаг нь цэнэглэх хурдыг хязгаарладаг үндсэн шалтгаан юм.
Lunar-ийн шинэ төхөөрөмж нь хувиргах процессыг шууд гадна талдаа гүйцэтгэж, батерей руу 25 кВт-ын DC тогтмол гүйдлийг шууд шахдаг. Ингэснээр автомашинд ойролцоогоор нэг цагийн дотор 100 бээл буюу 160 орчим километрийн зайн нөөцийг цэнэглэх боломж бүрдэж байгаа юм. Энэ нь одоогийн ахуйн түвшний AC цэнэглэгчээс 2–3 дахин хурдан үзүүлэлт юм.
Хоёр талт урсгал: Цахилгаан машин таны гэрийн нөөц цахилгаан станц болно
Энэхүү шинэ DC цэнэглэгч нь зөвхөн машиныг түргэн цэнэглээд зогсохгүй хоёр талт ажиллагааг (bidirectional charging) бүрэн дэмждэгээрээ онцлог. Уг системийг дараах хоёр горимоор ашиглах боломжтой:
- V2H (Vehicle-to-Home): Төвийн цахилгаан сүлжээ доголдох эсвэл аваарийн нөхцөлд машины том батерейгаас (ихэвчлэн 60–100 кВт.ц) байшингийн хэрэглээг хэдэн өдрийн турш тасралтгүй цахилгаанаар хангах горим.
- V2G (Vehicle-to-Grid): Сүлжээний ачаалал өндөр цагуудад машинаас эрчим хүчийг төвийн сүлжээнд нийлүүлж төлбөрийн хөнгөлөлт авах боломж.
Шинэ цэнэглэгч нь дараагийн үеийн Lunar Battery гэрийн хуримтлуурын системтэй (13.4 кВт инвертер, 10–30 кВт.ц багтаамжтай модулиуд) хослон ажиллахаар зохион бүтээгджээ. Хамгийн том давуу тал нь уг төхөөрөмж нь байшингийн гол цахилгааны самбарт хэт ачаалал өгөхгүйгээр шууд хуримтлуурын DC шугамтай холбогддог тул гэрийн үндсэн цахилгааны кабелийг өндөр зардлаар шинэчлэх шаардлагагүй юм.
NACS болон CCS дэмжлэг
Lunar Fast Charger нь Хойд Америкийн NACS болон олон улсын CCS стандартын холбогчуудыг хоёуланг нь дэмжихээр гарч байна. Гэхдээ хоёр талт горимыг бүрэн ашиглахын тулд автомашин өөрөө уг технологийг дэмждэг программ болон тоног төхөөрөмжийн тохиргоотой байх шаардлагатайг үйлдвэрлэгч сануулсан байна. Төхөөрөмжүүдийн нийлүүлэлт 2027 оноос эхлэхээр төлөвлөгджээ.
Монголын нөхцөлд ямар ач холбогдолтой вэ?
Монгол орны өвлийн улиралд цахилгааны эрчим хүчний оргил ачаалал огцом нэмэгдэж, зарим бүсэд хэсэгчлэн хязгаарлалт хийх тохиолдол цөөнгүй гардаг. Ийм үед хувийн сууцтай эсвэл хашаа байшинтай хэрэглэгчид өөрийн цахилгаан машиныг асар том багтаамжтай нөөц генератор болгон хувиргах V2H технологи нэн тохиромжтой шийдэл болно.
Түүнчлэн нийтийн DC хурдан цэнэглэх станц руу явах шаардлагагүйгээр гэртээ 25 кВт-ын хурдаар 2–3 цагийн дотор батарейгаа бүрэн дүүргэх нь өвлийн хүйтэнд машины зайгаа халаах болон хотын түгжрэл дунд цаг хугацаа хэмнэхэд бодит ахиц авчрах юм. Монголд ихээр орж ирж буй NACS болон CCS2 стандартын тэрэгтэй жолооч нар цаашид гэрийн энэ төрлийн ухаалаг DC системийг шийдлээрээ сонгох бүрэн ирээдүй нээгдэж байна.
Эх сурвалж: Electrek (Michelle Lewis, Lunar's new home DC fast charger puts your EV battery to work)