ЕХ болон Их Британи цахилгаан машины 10%-ийн татварыг хойшлуулахаар хэлэлцэж байна: Шалтгаан нь Азийн батарейн хараат байдал
Европын Холбоо болон Их Британи цахилгаан автомашины худалдаанд ногдуулах 10%-ийн импортын татварыг хойшлуулахаар хэлэлцэж эхэллээ. Европын авто үйлдвэрлэгчид Азийн батарейн нийлүүлэлтээс өндөр хамааралтай хэвээр байгаа тул шинэ татвар нь дотоодын EV-үүдийг үнийн цохилтод оруулах эрсдэл үүсгэжээ.
Батарейн хараат байдал: Европ татвараа хойшлуулахаас өөр аргагүй болов
Европын Холбоо болон Их Британийн засгийн газар хоорондын цахилгаан автомашины худалдаанд ногдуулах 10 хувийн импортын татварыг дахин хойшлуулах асуудлаар холбогдох талууд зөвшилцөж эхэллээ. Уг зохицуулалт нь Brexit-ийн дараах чөлөөт худалдааны гэрээний дагуу хэрэгжих ёстой байсан ч Европын батарейн үйлдвэрлэл төлөвлөсөн хэмжээндээ хүрч хөгжөөгүй, Азийн нийлүүлэлтээс өндөр хамааралтай хэвээр байгаа нь ийм алхам хийхэд хүргэж байна.
Хэрэв уг дүрмийг хугацаанд нь хэрэгжүүлбэл Их Британи болон Европын хооронд худалдаалагдаж буй нийт цахилгаан автомашины 80 гаруй хувь нь 10 хувийн гаалийн татварын цохилтод өртөж, хэрэглэгчийн гар дээр очих үнэ нь хэдэн мянган еврогоор нэмэгдэх бодит эрсдэл нүүрлээд байна.
"Гарал үүслийн дүрэм" яагаад үйлдвэрлэгчдийг боомилов?
Их Британи болон Европын Холбооны хооронд байгуулсан Худалдаа, хамтын ажиллагааны хэлэлцээрийн (TCA) дагуу тэглэсэн тарифтайгаар хил нэвтрэхийн тулд цахилгаан машинд дараах шаардлагууд тавигддаг:
- Машины нийт өртгийн 55-аас доошгүй хувь нь Их Британи эсвэл ЕХ-ны нутаг дэвсгэрт бүтээгдсэн байх,
- Батарейн багцын (battery pack) хамгийн багадаа 70 хувь, батарейн үүрний (battery cell) 65 хувь нь дотоодын орцтой байх.
Анх энэхүү шаардлагыг Европын бүс нутагт лити-ион батарейн үйлдвэрлэлийг дэмжих, Азийн (ялангуяа Хятадын) нийлүүлэлтээс хараат байдлыг бууруулах зорилгоор боловсруулсан юм. Гэвч бодит байдал дээр Европ дахь батарейн үйлдвэрүүдийн өргөтгөл, катодын түүхий эдийн боловсруулалт төлөвлөсөн хугацаанаас илт хоцорч байна. Өнөөдрийн байдлаар Европын холбоо өөрийн хэрэгцээт лити-ион батарейн гуравны хоёрыг гаднаас импортолсон хэвээр байна.
520,000 цахилгаан машин ба 17.9 тэрбум еврогийн эрсдэл
Европын Автомашин Үйлдвэрлэгчдийн Холбоо (ACEA) болон Их Британийн Автомашин Үйлдвэрлэгчид, Худалдаалагчдын Нийгэмлэгээс (SMMT) хамтарсан мэдэгдэл гаргаж, шийдвэр гаргагчдад хандлаа. ACEA-ийн тооцоолсноор 2027 онд Их Британид борлуулагдах 520,000 ширхэг цахилгаан суудлын автомашин болон фургоны 82 орчим хувь нь гарал үүслийн шаардлагыг хангаж чадахгүй нөхцөлд байна.
Энэ нь нийт 17.9 тэрбум еврогийн үнэлгээтэй цахилгаан машинууд дээр 10%-ийн татвар ногдоно гэсэн үг юм. Зөвхөн Их Британийн автомашин үйлдвэрлэгчдийн хувьд энэ нь жилд 1.4 тэрбум фунт стерлингийн (ойролцоогоор 1.86 тэрбум ам.доллар) нэмэлт зардлын цохилт болох тооцоо гарчээ. Тиймээс автомашин үйлдвэрлэгчид батарейн багцын угсралтын шаардлагыг 2030 он хүртэл, катодын идэвхт материалын шалгуурыг 2032 он хүртэл хойшлуулахыг хүсэж байна.
Хятадын өрсөлдөөн ба бодлогын зөрчил
Европын авто үйлдвэрлэгчид дотоодын худалдаандаа татвар ногдуулах нь Хятадын өрсөлдөгчдөд зах зээлийн хувиа шууд алдах эрсдэлийг бий болгоно гэдгийг онцолж байгаа юм. Учир нь Европ, Их Британийн үйлдвэрлэсэн автомашинууд татварын улмаас үнээ нэмэхэд хүрвэл өрсөлдөх чадвар нь улам суларна.
Харин Европын химийн аж үйлдвэрийн салбарынхан татварыг хойшлуулахыг эсэргүүцэж буй. Тэд катодын материал боловсруулах дотоодын үйлдвэрүүдэд олон зуун сая евро хөрөнгө оруулсан бөгөөд дүрмийг сулруулбал дотоодын бүтээгдэхүүний эрэлт унана гэж үзэж байна. Одоогоор Европын Комисс дүрмийг бүрэн цуцлах бус, 1 жилээр хойшлуулах эсвэл 2 жилийн шилжилтийн механизмаар зохицуулах төслийг судалж байна.
Монголын зах зээлд ямар хамааралтай вэ?
Монгол Улсын цахилгаан автомашины зах зээлд нийлүүлэлтийн дийлэнх нь Хятадын үйлдвэрлэгчдээс хамаарч байна. Батарейн нийлүүлэлтийн сүлжээ, түүхий эд, үйлдвэрлэлийн зардлаа бүрэн хянаж чадаж буй брэндүүд үнийн уян хатан бодлого баримталж, хэрэглэгчдэд хүртээмжтэй байдлыг санал болгосоор байна.
Харин Европын томоохон авто брэндүүд батарейн эх үүсвэрээ бие даан бүрэн шийдэж чадахгүй, дээрээс нь геополитикийн болон худалдааны татварын хайчинд орж байгаа нь тэдний цахилгаан загваруудын үнэ богино хугацаанд хямдрахгүй байх гол шалтгаан болж байна. Энэ нь манай зах зээлд ч европ стандартын цахилгаан автомашины үнэ өндөр хэвээр байх суурь нөхцөлийг харуулж байна.
Эх сурвалж: Financial Times, Reuters, ACEA (European Automobile Manufacturers' Association)