BYD цахилгаан машиныг 5 минутад 70% хүртэл цэнэглэх роботжуулсан шинэ системээ танилцууллаа
Дэлхийн тэргүүлэгч цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD нарны эрчим хүч, батерей хуримтлуур болон автомат робот цэнэглэгчийг хослуулсан "FLASH Charging" шинэ системээ албан ёсоор дэлгэлээ.
Цахилгаан автомашины зах зээлд хэрэглэгчдийн хамгийн их анхаардаг хоёр үндсэн хүчин зүйл бол зай хураагуурын багтаамж болон цэнэглэх хугацаа байдаг. Тэгвэл дэлхийн томоохон цахилгаан авто үйлдвэрлэгчдийн нэг BYD цэнэглэх хурдыг уламжлалт шатахуун түгээх хугацаатай эн зэрэгцүүлэх чадвартай шинэ шийдлийг дэлхийн зах зээлд танилцууллаа. Тус компани Абу Даби хотноо нарны эрчим хүч, эрчим хүчний хуримтлуур (BESS), хэт хурдан FLASH Charging болон бүрэн автомат робот залгуурыг нэгтгэсэн цогц системийг танилцуулсан байна.
5 минутад 70%: Шатахуун авах хурдтай тэнцэх цэнэглэлт
BYD-ийн шинээр танилцуулсан FLASH Charging технологи нь цахилгаан автомашиныг 10%-иас 70% хүртэл ердөө 5 минутын дотор цэнэглэх чадвартай. Харин 10%-иас 97% хүртэл бүрэн цэнэглэхэд ердөө 9 минут зарцуулдаг болохыг тус компанийн албан мэдээнд онцолжээ.
Энэхүү цэнэглэх хурд нь цахилгаан автомашиныг урт замд цэнэглэхэд олон цаг хүлээдэг ойлголтыг үндсээр нь өөрчилж, энгийн шатахуун авах хугацаатай дүйцэхүйц түвшинд хүргэж байна. BYD-ийн Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Стелла Лигийн тэмдэглэснээр тус технологи нь цэвэр эрчим хүч үйлдвэрлэл, хуримтлуур болон хэт хурдан цэнэглэлтийг нэг дор төвлөрүүлж, жолооч нарын цэнэглэх үйлдлийг илүү хялбар, ухаалаг болгох зорилготой юм.
Нар, хуримтлуур ба автомат робот цэнэглэлт
Уг төслийн гол давуу тал нь зөвхөн цэнэглэх хурдаар хязгаарлагдахгүй, эрчим хүчийг бий болгох, хадгалах болон автомашинд дамжуулах бүх шат дамжлагыг бүрэн ногоон шийдлээр хангасанд оршино:
- Нарны цахилгаан станц (Solar): BYD-ийн нарны хавтангийн шийдэл нь байгалийн цэвэр эрчим хүчийг тасралтгүй үүсгэнэ.
- Батарей хуримтлуур (BESS): Нарнаас цуглуулсан эрчим хүчийг сүлжээний ачаалал багатай үед хадгалж, машин залгагдах үед өндөр хүчдэлээр тогтвортой нийлүүлнэ.
- Робот цэнэглэгч гар (Robotic Charging): Автомашин зогсоолд ирж зогсмогц робот гар цэнэглэх оролтыг автоматаар таньж холбогдсоноор жолооч кабель залгах, гараар ажиллах шаардлагагүй болж байна.
Энэхүү SSC (Solar-Storage-Charging) цогц систем нь цэнэглэх дэд бүтцийг төвийн цахилгаан шугам сүлжээнээс хараат бус буюу алслагдсан бүс нутагт ч бие даан ажиллах боломжийг олгож байна.
Төвийн сүлжээний ачааллыг даван туулах арга
Хэт өндөр чадлын (мегаваттын түвшний) хурдан цэнэглэгчдийг шууд цахилгаан сүлжээнд холбоход дэд станцуудад хэт ачаалал өгөх эрсдэлтэй байдаг. Харин эрчим хүчний хуримтлуур (BESS)-тай хосолсноор цэнэглэх станц өөрөө буфер буюу нөөц үүсгэж, сүлжээнээс өндөр хүчдэлийг огцом авахгүйгээр машинаа богино хугацаанд цэнэглэх техникийн асуудлыг шийдэж байна.
Монголын зах зээлд ямар ач холбогдолтой вэ?
Монгол орны хувьд өвлийн хүйтэн нөхцөлд цэнэг алдалт нэмэгдэж, цэнэглэх хугацаа уртасдаг нь цахилгаан авто сонирхогчдын гол болгоомжлол байдаг. Цэнэглэх хугацаа 5-9 минут болж буурснаар өвлийн улиралд гадаа удаан зогсох асуудал арилж, цахилгаан машины өдөр тутмын хэрэглээ үлэмж хялбаршина.
Түүнчлэн Монголын өргөн уудам нутаг дэвсгэр, орон нутгийн замуудад эрчим хүчний дэд бүтэц дутмаг байдаг сул талыг нарны эрчим хүч болон батерей хуримтлуур (BESS)-тай бие даасан супер цэнэглэх станцуудыг хот хоорондын зам дагуу байгуулах замаар даван туулах боломжтойг уг технологи батлан харуулж байна.
Эх сурвалж: BYD Media Centre